Wisdom

Олон улсын харилцаа, худалдааны чиглэлээр сурж байгаа болон сонирхсон хүн бүрт зориулав

МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДАА

2009-09-03 12:01
МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДАА


Дэлхийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага, чөлөөт худалдааны нийтлэг зарчимд тулгуурласан харилцан ашигтай гадаад, дотоод худалдааг өөрийн орны онцлогт тохируулан хөгжүүлэх бодлогыг Монгол Улс эдүгээ хэрэгжүүлж байна. Гадаад худалдааны монополийг халснаар худалдааг чөлөөлөх бодлогын үр дүн амьдралд бодит биеллээ олж, монголын хийгээд гадаадын аливаа аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэд худалдааны үйл ажиллагаанд бие даан чөлөөтэй оролцох боллоо. Эдийн засгийн бодит салбарт худалдаа нь жинхэнэ утгаараа өргөжин тэлж, салбар дундын шинжтэй болж улс орны хөгжилд эзлэх байр суурь нь өсч байна.
Өнөөдөр худалдаа нь гадаад, дотоод, бөөний ба жижиглэнгийн гэсэн тодорхойлолтоос хальж эдийн засгийн дипломат үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний хийгээд үйлчилгээний худалдаа гэсэн нэр томъёо, худалдаа – тээвэр – ложистик, худалдаа – үйлчилгээ, худалдаа - хангамж, оюуны өмчийн худалдааны асуудал зэрэг салбар дундын хүрээг хамарсан ойлголтоор орчин цагийн бизнесийн орчин өргөжин тэлж байна. Энэ нь худалдааны харилцаа манай оронд шинэ хэлбэр, ойлголтоор өрнөж байгаа төдийгүй бие даасан тодорхой бодлого, эрх зүйн таатай орчин, бизнесийн чөлөөт хөгжлийн хүрээг бий болгох тулгамдсан зорилтыг бидний өмнө дэвшүүлж байна.
Худалдааны бодлого, зохицуулалтыг улам боловсронгуй болгох, түүнийг дэлхийн нийтийн жишигт ойртуулах, эрүүл, соелтой худалдаа –бизнесийн орчинг хөгжүүлэх асуудлыг төрийн бодлогын түвшинд тодорхойлон, орчин цагийн ойлголтоор худалдааны эрх зүйн орчинг бий болгож, бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зохистой, менежментийн өндөр чадавхитай орчин үеийн төрийн байгууллагын бүтцийг бий болгох шаардлага тавигдаж байна. Нийгмийн энэхүү шаардлагыг биелүүлэх асуудал нь худалдааг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилттэй шууд холбоотой тул энэ чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хийгээд эдүүгээ хэрэгжүүлж буй бодит арга хэмжээний талаарх энэхүү нийтлэлийг уншигч Танд баримт түшин толилуулж байна.

 

 

Хөрөнгө оруулалт


Хөрөнгө оруулалт нь зөвхөн хөрөнгө бий болгоод зогсохгүй шинэ дэвшилтэт технологи, менежментийг нэвтрүүлж, улмаар өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, нөөцийг үр ашигтай хуваарилах боломж олгож, ингэснээрээ манай улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Манай ДНБ-ын 34,8 хувийг хөрөнгө оруулалт эзэлж байна. Үүний 11,4 хувь нь гадаадын хөрөнгө оруулалт байна. Монгол Улс 1991 онд “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийг анх баталж, хөрөнгө оруулалтын орчинг илүү тааламжтай болгох зорилгоор 1993, 1998, 2002 онуудад шинээр нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд хөрөнгө оруулалтыг чанаржуулах үүднээс энэ оны 6 дугаар сард “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбарын жагсаалтыг шинээр батлан гаргав.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хоёр талын Хэлэлцээрийг 41 оронтой байгуулаад байгаа бөгөөд 2004-2008 онд энэхүү Хэлэлцээрийг БНАСАУ, Хорват, Израйл, Египет, Финланд, Катар зэрэг улсуудтай байгуулсан юм. Гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1990 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд өссөн дүнгээр 2,4 тэрбум ам. доллар буюу хандивлагчдаас Монголд үзүүлсэн хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээнд хүрчээ. 1990-96 онд жилдээ 30-40 сая орчим ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт бүртгэгдэж байсан бол эдүгээ зөвхөн нэг жилд 400 саяаас дээш ам.долларын хөрөнгө оруулалт орох болсон байна. 1990 оноос хойш дэлхийн 97 орны 8577 гадаадын хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 76 гаруй хувь нь зөвхөн 2004-2008 онуудад бүртгүүлсэн байна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн салбаруудаар авч үзвэл геологи хайгуул, уул уурхай, газрын тосны салбарт хамгийн их буюу нийт хөрөнгө оруулалтын 51,6%, худалдаа, нийтийн хоолны салбарт 20,3%, банк санхүүгийн салбарт 4,7%, хөнгөн үйлдвэрт 3,8%, барилгын үйлдвэрлэлд 2,6%, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах салбарт 2,3%, үлдэх хувь нь бусад салбарт ногдож байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхэд шинэ хөрөнгө оруулагчдаас гадна Монголд хөрөнгө оруулаад үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчид дахин хөрөнгө оруулж байгаагаас үзэхэд Монголд хөрөнгө оруулах, бизнес эрхлэх таатай нөхцөл бүрдэж байна гэж хэлж болно.

 

 

Цаашдын зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээ


Нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, худалдааны таатай орчныг бүрдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортын хэт хамаарлыг багасгаж, худалдааны тэнцлийг хангах, худалдааны салбарт ажлын байрыг бий болгох, улмаар ядуурлыг бууруулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор дараахь зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:
• Олон талт худалдааны тогтолцоог үр дүнтэй ашиглан худалдааг хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Энэ хүрээнд “Худалдааны зохицуулалт”-ын тухай хуулийг батлан мөрдүүлэх арга хэмжээ авна.
• “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д худалдааны чиглэлээр тусгасан цогц бодлого, стратегийн зорилттой уялдуулан “Худалдааны дунд хугацааны бодлого, үзэл баримтлал”-ыг боловсруулж, хэрэгжүүлнэ.
• Үндэсний компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор тэдгээрийг импортын хэт өсөлтөөс хамгаалах, дэмпингийн эсрэг болон татаас ба нөхөн төлөөсийн арга хэмжээ зэрэг олон талт худалдааны хамгаалалтын арга хэрэгслүүдийг ДХБ-ын хэлэлцээрүүдэд нийцүүлэн хэрэгжүүлнэ.
• Малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, нийлүүлэх, тээвэрлэх, хадгалах, боловсруулах, худалдаах тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдүүлнэ. Энэ хүрээнд “Түүхий эд бэлтгэлийн зохицуулалтын тухай” хуулийг батлан мөрдүүлэх арга хэмжээ авна.
• Дэлхийн улс орнуудтай харилцан ашигтай худалдаа, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хувийн хэвшлийг түшиглэсэн нэмүү өртгийн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх шинэ боломжийг худалдааг хөгжүүлэх хөшүүрэг болгон ашиглана.
• Гадаад худалдаа эрхлэх бизнесийн орчинг олон улсын стандартын түвшинд хүргэнэ.
• Тээвэр, зуучийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх, худалдаан дахь тарифын болон тарифын бус хориг саадыг бууруулах чиглэлээр хоёр болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
• Экспортыг нэмэгдүүлэх маркетинг, niche буюу тансаг хэрэглээний зах зээлийг дэмжсэн худалдааг хөгжүүлэх арга хэмжээ авна.
• Уул уурхайн салбарыг дагасан, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрүүд /кластер/-ийг дэмжин хөгжүүлэх бодлогыг гадаад зах зээл, худалдаатай уялдуулна.
• Уул уурхайн ордуудыг ашиглахтай холбогдуулан уул уурхайн үйлчилгээний нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, улмаар дэлхийн хэмжээний өртөг шингээсэн сүлжээнд /global value added chain/ нэгдэх худалдааны бодлого бий болгох чиглэлээр ажиллана.

 

Ангилал : Худалдаа | Нийтэлсэн : Wisdom | Уншсан (332) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. help pls? :
    2010-02-21 17:13

    ¿íýìëýõ¿é áà õàðüöàíãóéí îíîëûí òóõàé , õóäàëäààã õýðõýí òàéëáàðëàõ âý? ýíý òàë äýýð òóñëàà÷ pls?

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл